Үүсгэн байгуулсан ХХК-ийг
харьяа дүүргийн татварын хэлтэст бүртгүүлэх нь
Өмнөх удаад хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хэрхэн үүсгэн байгуулж, УБЕГ-т бүртгүүлэх тухай зөвлөлгөөг та бүхэнд хүргэсэн билээ. Энэ удаа энэхүү үүсгэн байгуулсан ХХК-ийг харьяа татварын албанд хэрхэн бүртгүүлэх талаар зөвлөе.
Татварын албанд бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Компанийн гэрчилгээ /хуулбар/
- Компанийн дүрэм /хуулбар/
- 3500 төг
Анхаарах нь:
Компанийн гэрчилгээ гарсан өдөр /гэрчилгээнд тусгагдсан огноо/-өөс хойш хуанлийн 14 хоногийн дотор харьяа татварын хэлтэст заавал бүртгүүлсэн байх шаардлагатай.
Ийнхүү бүртгүүлсний дараа татварын хэлтэсээс танд тусгай код өгөх бөгөөд энэхүү кодын тусламжтайгаар татварын хэлтэстэй харилцахад шаардагдах тоон гарын үсэг авах боломжтой болох юм. Энэхүү кодыг олгох хуулийн хугацаа нь 10 хоног байдаг.
Тоон гарын үсгийг хэрхэн авах вэ?
Тоон гарын үсэг гэж юу вэ?
“Татварын ерөнхий хууль”-ийн 4.1.4-т зааснаар “тоон гарын үсэг” гэж татварын цахим баримт бичгийн бүрэн бүтэн байдал, үнэн зөвийг баталгаажуулах зорилгоор тодорхой алгоритмын тусламжтайгаар бий болгосон татварын алба, татвар төлөгчийн хувийн түлхүүр юм.
Ямар ач холбогдолтой вэ?
Энэхүү тоон гарын үсэг нь улирал тутам байгууллагын татварын тайланг татварын албанд цахим хэлбэрээр илгээхэд зайлшгүй шаардагддаг бөгөөд ингэснээр цаасаар тайлан аваачиж өгөх шаардлагагүй тул таны цаг хугацааг хэмнэхээс гадна татварын алба хэрэглэгч хоорондын бүх төрлийн харилцааны аюулгүй байдлыг хангадаг болно.
Харьяа дүүргийн татварын хэлтэсийн нэг цэгийн үйлчилгээний ажилтанд тоон гарын үсэг авахаар хандахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүсэлт
- Өргөдөл
- Тоон гарын үсгийн гэрээ /2 хувь/
- Компанийн гэрчилгээ /хуулбар/
- Тоон гарын үсэг эзэмших албан тушаалтны цахим үнэмлэх /хуулбар/
- Тоон гарын үсгээ хүлээн авах flash
Жич: Татварын хэлтэст бүртгүүлэхэд олгосон нууц код болон регистрийн дугаар /гэрчилгээнд байх/-ыг ашиглан татварын албаны системд нэвтэрнэ. Ийнхүү нэвтэрсний дараа тоон гарын үсэг авах талбарыг сонгон хүсэлт, өргөдөл, тоон гарын үсгийн гэрээ зэргийг цахим хэлбэрээр илгээсний үндсэн дээр хэвлэн авч, гарын үсэг тамгаар баталгаажуулна.