Хязгаарлагдмал хариуцлагатай компани үүсгэн байгуулах

Энэ удаад та бүхэнд 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай компани /ХХК/-ийг хэрхэн үүсгэн байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлэх талаарх зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

 

1.      Бэлтгэл үе шат:

  ü  УБЕГ-ын Хуулийн Этгээдийн Бүртгэлийн хэлтсийн 1, 2-р цонхноос хуулийн этгээдийн оноосон нэрийн баталгаажуулалтын хуудас авна.

/Энэ цонхонд хандахын өмнө та өөрийн байгуулж буй компанид өгөх оноосон нэрийг сонгосон байх нь чухал.

Оноосон нэрийн баталгаажилтын хуудсыг бусад хуулийн этгээдийн нэртэй давхардаагүй, бусдыг төөрөлдүүлэхээр ижил, төсөөтэй биш тохиолдолд олгодог.

Түүнчлэн хуулийн этгээдийг тамхи болон тамхины үйлдвэрийн нэрээр нэрлэхийг хориглодог тул та компанидаа нэр сонгохдоо үүнийг анхаарахыг зөвлөж байна.

Иймээс та хэд хэдэн нэрийн сонголттой очих нь таны цагийг хэмнэх болно.

Оноосон нэрийн баталгаажуулалтын хуудсыг авахдаа компанийн үүсгэн байгуулагч биеэр очих бол цахим үнэмлэхтэйгээ, бусад этгээдээр дамжуулан авах гэж байгаа бол тухайн иргэний цахим үнэмлэх, нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл, Голомт банк /1401001101 тоот данс/-нд тэмдэгтийн хураамж болох 500 төгрөгийг тушаасан баримт зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.

  ü Үйлчилгээний ажилтнаас банкинд харилцах данс нээлгэх хуудас /шар хуудас/-ыг авна. /Компанийн харилцах данс нээлгэх банкаа тухайн хуудсанд тэмдэглүүлдэг тул үйлчлүүлэх банкаа сонгон очих нь зүйтэй./

    ü  Шар хуудсыг авч сонгосон банкиндаа очин харилцах дансаа нээлгэнэ.

 2.      Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх үе шат:

     Та өөрийн байгуулж буй компанийг УБЕГ-т бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

    ü  Нэрийн баталгаажуулалтын хуудас;

    ü  Банкинд данс нээлгэсэн хуудас

  ü  Нэг хувьцаа эзэмшигчтэй бол Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, олон хувьцаа эзэмшигчтэй бол Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл

    Энэхүү шийдвэр /тогтоол/-т:

 Ø  Компанийг үүсгэн байгуулах тухай болон компанийн үйл ажиллагаагаа эрхлэх албан ёсны хаяг, үйл ажиллагааны чиглэл, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон үйл ажиллагаа эрхлэх хугацааг тодорхой тусгах бөгөөд компанийн Гүйцэтгэх захирлыг томилж, тус шийдвэр /тогтоол/-ийн хавсралтаар компанийн дүрмийг батлана.

     Хэрвээ танай компани тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол компанийн улсын бүртэлийн гэрчилгээ гарсны дараа дахин нэмэлтээр бүртгүүлэх боломжтой.

 Ø  Танай компани үйл ажиллагаа явуулах байраа олоогүй, ямар хаяг бүртгүүлэхээ мэдэхгүй байгаа бол санаа зоволтгүй.

    Компанийн албан ёсны хаяг нь Хувьцаа эзэмшигчийн гэрийн хаяг байж болдог ба хэрэв гэрийн хаягаараа бүртгүүлж байгаа бол хувьцаа эзэмшигчийн цахим үнэмлэхний хуулбарыг авч очно уу. Харин албан ёсны хаяг нь гэрийн хаягаас өөр обьект бол гэрчилгээ, түрээсийн байр бол түрээсийн гэрээг тус тус бүрдүүлнэ. Түрээсийн гэрээг хуулийн этгээдтэй байгуулсан бол тамга тэмдгээр баталгаажуулсан байх, хувь хүнтэй байгуулсан бол тухайн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай.

   ü  УБ 03 маягт /2 хувь/

   ü  Компанийн дүрэм /3 хувь/

Үүсгэн байгуулагч бүр гарын үсгээ зурж баталгаажуулна.

   ü  Гэрчилгээний үнэ буюу улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 22000 төгрөг төлсөн баримт /Голомт банкны 1401002649 тоот данс/

   ü  Үүсгэн байгуулагчийн цахим үнэмлэхний хуулбар /2 хувь/

   ü  Харилцах дансандаа компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө байршуулсан баримт /Энэ нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний дүрмийн сан хэсэгт бичигддэг мөнгөн дүн бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 1 сая төгрөг байна. Дашрамд дурьдахад хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 50 сая төгрөгөөс дээш тохиолдолд жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын байгууллагаар заавал хянуулсан байх шаардлагыг тавьдаг болохыг анхаарна уу./

    ü  Эхлэлтийн тайлан тэнцэл /2 хувь/

 3.      Улсын бүртгэлд компаниа бүртгүүлэх үе шат:

  ü  Та дээр дурдсан баримт бичгүүдийг бүрдүүлсэн бол тэдгээрийг цэнхэр өнгийн архивын шаардлага хангасан хавтсанд хийж, УБЕГ-ын Хуулийн Этгээдийн Бүртгэлийн хэлтсийн 3-11-р цонхонд хүлээлгэн өгч гэрчилгээ гарах өдөр, тухайн материалыг хүлээн авсан тухай тэмдэглэл бүхий хуудсыг улсын бүртгэгчээс авна.

  ü  Энэхүү хуудсанд бичсэн огнооны дагуу УБЕГ-ын Хуулийн Этгээдийн Бүртгэлийн хэлтсийн Баримт бичиг олгох цонхонд Улсын бүртгэгчээс олгосон хуудсыг өгч, өөрийн компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргийг хүлээн авснаар танай компани албан ёсоор Монгол Улсын Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдэж, хуулийн этгээдийн эрх үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй боллоо гэсэн үг.

 4.      Улсын бүртгэлд компаниа бүртгүүлсэний дараах буюу төгсгөлийн үе шат:

   ü  Та гэрчилгээ хүлээн авснаас хойш хуанлийн 14 хоногийн дотор харьяалах татварын албанд үүсгэн байгуулсан компаниа албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хуулийн зохицуулалттай болохыг анхаараарай.

   ü  Үүний дараа та компанийн тамгаа /“Хас тамга” ХХК, “Тод тамга” ХХК/ захиалахаа бүү мартаарай.

Танд амжилт хүсье.

Холбогдох загварын маягтыг доорх линкээр орж, татаж авна уу.

 https://burtgel.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=841:huuli&catid=191:huuli&Itemid=412

primi sui motori con e-max

Түнш Байгууллагууд

Хаяг

Хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө 4-15160, Экспресс Тауэр, 6-р давхар, 603 тоот
Утас:
(976) 70111490
Факс:
(976) 123456789
Вэб сайт:
www.antagroup.mn
И-мэйл:
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нийгмийн сүлжээ

Анта групп нь нийгмийн сүлжээг ашиглан хэрэглэгч, харилцагчидтайгаа илүү ойр дотно байж, зах зээлийн эрэлт-хэрэгцээ болон хүсэл эрмэлзлийг мэдэрч ажиллах болно.

Биднийг дагах холбоос